Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд, Монголбанк болон Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 100 жил, Үнэт цаасны хороо (одоогийн Санхүүгийн зохицуулах хороо) байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг”-ийг шинэчлэх ажлыг гүйцэтгэн Та бүхэнд хүргэж байна.
Толь бичиг шинэчлэх ажлыг СЭЗИС-ийн UFE next 100 ажлын хэсгийн санаачилга дээр тулгуурлан эхлүүлсэн ба эдийн засаг, санхүүгийн зах зээлд хэрэглэгдэж буй нэр томьёог нэг агуулгаар ойлгож, хэрэглэх, салбарын зохицуулалт, судалгаа сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах үед ойлголтын зөрүүгүй болох, иргэдийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг, боловсролын түвшнийг дээшлүүлэх зэрэг давуу талыг бий болгоно.
Анх Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн санхүүжилтээр Монголбанкны Хяналт шалгалтын газраас санаачлан “Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь”-ийг 2015 онд гаргасан бөгөөд уг тайлбар толь нь 4 бүлгээс бүрдсэн, эдийн засаг, санхүү, банкны сектор дахь ойлголтуудад голлон төвлөрч байв. Тэгвэл шинэчлэн, сайжруулсан 2 дахь хэвлэлд “Хөрөнгийн зах зээлийн нэр томьёоны тайлбар толь - 2015”, “Даатгалын нэр томьёоны тайлбар”-ыг нэгтгэснээс гадна финтек, тогтвортой санхүү, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, бичил санхүү зэрэг шинэ тутам ойлголтыг нэмж баяжуулснаараа онцлог юм. Тайлбар толь нь цахим хувилбартай болж, гар утасны “Санхүүгийн боловсрол” аппликейшн дээр тусгай хэсэг нэмснээр иргэд, олон нийтэд хэрэглэхэд илүү хялбар, хүртээмжтэй болж байна.
“Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь бичиг” нь нийт 11 бүлгийн 3650 гаруй нэр томьёоноос бүрдэх ба нийт гурван байгууллагын төлөөлөл болох 37 эрдэмтэн багш, судлаач, салбарын мэргэжилтнүүд хагас жилийн хугацаанд ажиллалаа. Бүлэг тус бүрийг энд дурдвал:
Бид өмнө нь эрдэмтэн, судлаач, багш нарын гаргаж байсан санхүүгийн чиглэлийн толь бичгийн агуулгыг давталгүйгээр олон улсын болон Монголын санхүүгийн зах зээлд шинээр нэвтэрч байгаа нэр томьёог түлхүү оруулж, энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээлээ. Ингэснээр санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан сурагч, судлаачдаас эхлээд хэвлэл мэдээллийн ажилтан, санхүүгийн зах зээлийн оролцогчид, энгийн иргэд хүртэл англи хэлээрх мэргэжлийн ном, сэтгүүлийг ашиглах боломжтой болох, танин мэдэхүйн хүрээг тэлэх, нэгдсэн цэгц ойлголттой болоход дөхөм болоод зогсохгүй санхүүгийн зах зээлийн оролцогчид ашиглах гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна.
Тайлбар толийг эмхэтгэн боловсруулахад гар бие оролцсон зохиогчид, ажлын хэсгийн гишүүд, редакторууд, үнэтэй санал, хувь нэмрээ оруулсан Монголбанк, СЭЗИС, СЗХ-ны хамт олон, тайлбар толийн анхны хувилбар болон бусад нэгтгэсэн тайлбар толь боловсруулахад ажилласан бүх хүмүүст Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжил, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж байгаад гүн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
Эдийн засаг, санхүүгийн тайлбар толь бичгийн ажлын хэсэг